мэдээлэлийн эx сурвалж ; www.dayarmongol.com
Япон орон арвин баялаг утга зохиолын өв сантай орон. Анхны романыг 10 зууны өмнө япон хүмүүс бичсэн гэхээр л ойлгомжтой юм. /Энэхүү хүн төрөлхтний анхны роман болох “Гензийн дуулал” ойрмогхон монгол хэлээр буун, уншигч олонд хүрсэн санагдана./
Монголчууд бид японы энэ арвин баялаг утга зохиолоос чамлахааргүй уншиж, хүртэж ирсэн. Ахмад үеийн орчуулагч нарын хичээл зүтгэлээр Японы орчин үеийн утга зохиолын үндсийг тавигч /манайд бол Д.Нацагдорж л гэсэн үг/ Нацумэ Соосэкийн “Жаал хүү” тууж, Нобелийн шагналт Кэнзабурэ Оэгийн “Хожимдсон залуус”, Басё, Ишикава Такүбакүгийн алдарт Хайку шүлгүүдийг уншиж байсан билээ. Хожим 1990-ээд оноос хойш Кобе Абэ, Мишима, Акутагава, Ясунари Кавабата, Шиба Роотарү гээд л ... Ер японы уран зохиол баялаг төдийгүй тун өвөрмөц, хүчирхэг.
Харин одоо энэ удаад өнөө цагийн японы зохиолч, уран бүтээлч залуусын уран бүтээлээс хүргэж байна.
Камма Чикако
Тэрбээр 1990-ээд оноос уран бүтээлээ эхэлсэн. 1993 онд Осакагийн эмэгтэйчүүдийн утга зохиолын хүрээлэнг үүсгэн байгуулагч, тэргүүн Тонекимико багштай учирснаар, Тони багшийн эрхлэн гаргадаг утга зохиолын сэтгүүлд уран бүтээлээсээ гаргах болсон байна.
Бодрол, хүмүүнлэгийн шинжтэй богино өгүүллэг голдуу бичдэг энэ бүсгүй Нацумэ Соосэкийг шүтэн бишрэгч.
Энэ удаа монгол уншигчдын хүртээл болж буй “Эргийн салхинд” өгүүллэг нь KITA NIHON –д хэвлэгдэж байжээ.
Камма бүсгүй өнгөрдөг зун манай оронд зочлоод буцсан юм.
Монголоос буцаж очоод илгээсэн захидалдаа тэрбээр “Улаанбаатарт зочилсон энэ зун надад гайхалтай дурсамжтай байлаа. Магадгүй, өмнөх төрөл гэж хэрэв байдагсан бол осолдохгүй би монгол хүн байсан болов уу гэж бодогдсон. Танай нутгийн хүмүүсийн дүр төрх, уур амьсгал ер нь юм бүхэн яагаад ч юм бүр голоос халуун дулаан ойр санагдсан шүү” хэмээн бичжээ.