Мэдээлэлийн эx сурвалж Яруу найрагч Г.Сонинбаярын xувийн блог http://bodliin-sar.blog.banjig.net
Ноён хутагтын ерөөл тавьсан Шамбалын овоо
“ХААЛГА ЗАДГАЙ ШАМБАЛЫН
ХААНААС НЬ Ч ОРЖ БОЛНО…”
Гэгээн уянга, бодрол бясалгалын дууч, бурханы үнэнч шавь, яруу найрагч Т.Содномнамжил ах маань нэгэнтээ ийн шүлэглэсэн билээ. Улаан гэрэлт Шамбалын тухай тэрбээр олонтаа бичсэн. Их говийн Эрдэнэ мэргэн Ноён хутагт Д.Данзанравжаагийн байгуулсан Хойд Шамбалын орны хаалгаар орох ахуйд номын ахын мэргэн шад цээжнээ тарни мэт тодроно. Со ах минь эдүгээ гайхамшигт дээд бүтээлийн орон Шамбалд морилон сэтгэлийн туйлын амгаланг олж, энэ Замбулинд үл эдлэх жаргалыг эдлэн Шамбалын орны 25 их хааны шадар болон суугаа болов уу. Их найрагч О.Дашбалбар ч тэр орноо залран номын хүрдэн эргүүлж буй гэдэгт үл эргэлзэнэ.
Цэнхэр Дунайн эрэг хөвөөнөө байрлах таван одтой FLAMENCO зочид буудлын их танхим гэрэл гэгээгээр сүлэрч, өөрийн улсын далбаа бүхий зоогийн ширээнд үндэснийхээ хувцасаар гангарсан орон орны яруу найрагчид хэд гураваараа ирж тухлан сууцгаах ажуу.
Унгарын нийслэл Будапештэд 5 хоног хуралдсан Дэлхийн яруу найрагчдын 29-р их хурлын хаалтын ёслолын ажиллагаа эхлэхэд бэлэн болчухуй. Тус хурал “ Ирээдүй дэлхий дээр л өрнөнө...” гэсэн өвөрмөц уриан доор болж, яруу найргийн үнэ цэнэ,түүнийг бүтээгч тарни болсон үгийн шид хутаг, тэрчлэн улс орны хөгжил дэвшилд яруу найргийн гүйцэтгэх үүрэг зэрэг олон сэдвээр ярилцсан бөгөөд англи, испани, хятад хэл дээр яруу найргийн хэлэлцүүлгүүд явуулсан юм. Монголчууд энэ хуралд харьцангуй олон хүний бүрэлдэхүүнтэй оролцсон бөгөөд оролцогчид 1- 2 номтой очиж шүлэг зохиолоосоо уншиж, номын танилцуулгаа хийв.Яруу найрагч Ц. Бавуудорж испани , бусад нь англи хэлт яруу найрагчдын хэлэлцүүлэгт оров. Авьяаслаг зохиолч Б.Золбаярын “AN ENTIRETY “эсээ өгүүллэгийн ном хуралд оролцогчдын анхаарлыг зүй ёсоор татаж байв