ДЭЭД БҮТЭЭЛИЙН ОРОНД ДЭЭДСИЙН ЕРӨӨЛӨӨР ХҮРМҮЙ
О.Дашбалбар найрагч Шамбалын тухай мөн олонтаа бичсэн. Тэр бас бурханы үнэнч шавь байсан.
Энэ мэт номын мэргэд, найргийн бурхадын оюуны гэрэлд Шамбалын орны тухай дуулж сонссон төдийгөөс цаашгүй өчүүхэн дорд хүмүүн би бээр төгс гэгээрэл, оюуны дээд хөгжлөөр хүрч болох тэр ариун дагшин орноо очсон нь говийн Ноён хутагтын тавьсан эртний сайхан ерөөлийн цаглашгүй хүчин чадал байв. Ноён хутагт тэнгэрт халихынхаа өмнөхөн буюу 1852 онд шавь нартайгаа Шамбалд уулзахын ерөөл талбин овоо босгон, Шамбалын тэг тавьсан нь Хойд Шамбалын орон хэмээн нэрлэгдэх болсон ажгуу. Шамбалд оюуны төгс хөгжлөөр өөрөөр хэлбэл төгс гэгээрэн төгөлдөржсөн хүн хүрч болдог, эс бөгөөс их мэргэд дээдсийн тавьсан ерөөлөөр хүрч болдог ийм хоёрхон замтай. Эдүгээ Ноён хутагтын тавьсан ерөөлөөр түүний олон мянган шавь нар хийгээд сүсэгтэн олон Хойд Шамбалд хүрч сэтгэлийн ариусал эдлэн сүсэг бишрэлийг барьж Эрдэнэ мэргэн Ноён хутагтдаа мөргөөд буцдаг болжээ. Тэр олон мөргөлчид, сүсэгтэн олны нэг нь болж зуны адаг сарын 29-ны бэлэг дэмбэрэлт сайн өдөр Хойд Шамбалын орныг зорилоо.
Нэгэн цагт хэт хувьсгалчдын гарт сүйтгэгдэн тал тоосго ч үлдэлгүй балгас болж байсан Хамарын хийд, модон суварга, Дүйнхорын Лойлон хэмээх шүтээн, хот мандал зэргээ устгуулж Ноён хутагтын ерөөл тавьсан овоо, цагийн хүрдний суурь төдийхөн үлдсэн Шамбалын орон, хайлаасан төгөлөө Зүүнбаянгийн оросуудад огтлуулж нүцгэрсэн бясалгалын агуй сэлт өнөөдөр цөм сэргэн босч байна. Хамарын хийд 1990-ээд онд сэргэн байгуулагдаж хутагтынхаа шүтээн бүхнийг залж хурал номоо эхэлжээ. Шамбалын орныг сүүлийн жилүүдэд сайн санаат хүмүүс, сүсэгтэн олон хийгээд Ноён хутагтын шавь нарын хүчээр сэргээн Шамбалын ерөөл тавьсан овоо, гурван цагийн хүрдний суурь зэргийг тойруулан 125 суварга бүтээн жинхэнэ дээд бүтээлийн орон болгон цогцлоож ноднин жилийн намрын дунд сард нээлтийг нь хийсэн гэнэ. Мөн Ноён хутагт ээжтэйгээ учрах ерөөл талбин бүтээсэн Мөөмийн овоо, Диваажингийн хонх тэргүүтнийг сэргээн шинэчлэх буюу шинээр бүтээн босгож ноднин намар нээлтийг нь хийжээ. Одоо ирэх есдүгээр сарын 10 буюу Намрын эхэн сарын 29-нд Шамбалын орныг сэргээн бүтээсний нэг жилийн ойг тэмдэглэхээр бэлтгэж байгаа гэнэ. Шамбалын орныхоо нэг жилийн ойд Хамарын хийдийнхэн төдийгүй говьчууд нэлээд сэтгэл гарган бэлтгэж хөлтэй хөдөлж байна. Хамарын хийдийн лам нар удахгүй Утай орж Датунаас жинхэнэ сайн чанарын алтан боронз авчран Шамбалын орны суваргуудын оройг будна гэлцэж байв. Өчүүхэн жижгээс эхлээд асар том зүйл хүртэл бүхий л үйлд тэд ингэж чинхүү сэтгэлээс хандаж буй нь бахархалтай. Түүх соёлдоо, тэр дундаас Ноён хутагтынхаа өв, бүтээлийн их сан хөмрөгт ийн сэтгэлтэй, нягт нямбай ханддаг нь Дорноговьчуудын нэг сайхан чанар гэлтэй. Хамарын хийд, Шамбалын орны баруун хойхно орших Хүслийн уул буюу Хар уулнаас хүү гуйж тэр хүслээ ноднин жил гүйцэлдүүлэн угсаа залгамжлах нуган үрийн зулай үнэрлэсэн Японы ханхүү Ноён хутагтын бүтээлийн оронд тун элэгтэй хандаж 2004 оноос хойш Хамарын хийдийн орчим, Ноён хутагтын бясалгалын агуйн ойролцоо 8000 хайлаас тарьж өгчээ. Говийн хатуу ширүүн байгальд хамгийн тэсвэртэй энэ мод одоо 50 хувийн ургалттай байгаа гэнэ. Хүн зоны сэтгэл санаа ариусч, сүсэг бишрэл арвидахын хэрээр Ноён хутагтын бүтээл, шүтээн сэлтийн зарим нь өөрөө тодорч буй нь гайхалтай. Хамарын хийдийн хоёр дацан улааны, болон шарын шашны урсгалаар тус тусдаа уншлага үйлддэг аж. Баруун дацан хийдэд нь байсан хутагтын улааны шашны шүтээн Түмэн мэсний бурхан цөвүүн цагийн эхээр хулгайд алдагдан ор сураггүй болсон нь хэдхэн жилийн өмнө олдож. Олдох олдохдоо улсын эрдэнэсийн сангаас. Ингээд уг бурханыг говь нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ц.Шаравдорж тэргүүтэй хүмүүсийн хичээл зүтгэл, хөөцөлдлөгийн үр дүнд 27 сая төгрөгөөр худалдан авч Хамарын хийдэд нь залжээ. Бурханыг залах болоход малгай нь байхгүй болсон учир хуучин байсан малгайг дууриалган шинээр үйлдэх талаар яриа болж байтал өнөө малгай нь говийн хөрснөөс өөрөө олдож гайхамшигт шидийг үзүүлсэн гэх. Түүнчлэн бурхан шүтээнээ мартаж, хааж хорьсон цөвүүн цагт ширгэж алга болсон Ноён хутагтын Рашаан булаг 1991 оны өвөл дахин ундарчээ. Өмнө нь 1970-аад онд уг Рашаан булгийг хэчнээн малтаад огт ус гараагүй гэдэг. Үүнийг говьчууд сайн цаг ирсний дохио тэмдэг хэмээн бэлэгшээнэ.
Хамарын хийдийн баруун хойд толгой дээрээс ундрах энэ Рашаан булагийг Ноён хутагт анх олж нээжээ. Тэгээд шавь нартаа энэ толгойн оройгоос ус гарна. Худаг малтъя гэхэд шавь нар нь,
-Уулын оройгоос ус гарахыг үзсэнгүй. Та андуурав бололтой хэмээн зөрөхөд
-Та нарын толгойг цоолбол юу гарах вэ. Хаа боловч хатуу болоод шингэн хамтдаа байх жамтай. Худгийг хурдан малт гэж догширчээ. Тэгээд шавь нар нь хагас алд хэртэй ухав уу үгүй юү тув тунгалаг, цэв хүйтэн ус гарсныг Рашаан булаг гэж нэрийдэж олон өвчнийг анагаахад тустай хэмээн сүслэн хүртсээр ирсэн байна.
ШАМБАЛЫН ОРНЫ ЦЭЦЭРЛЭГЧТЭЙ ХӨӨРӨЛДСӨН МИНЬ
Шалбалын орны үүдээр орохоос эхлэн энэ догшин орны тухай тайлбарлаж, хэрхэн ямар зан үйл үйлдэх талаар зааж асан нэгэн эр анхаарал татсан юм. Тэрбээр Шамбалын орноос гарсны дараа Ноён хутагтын бясалгалын агуйд очиход мөн л тайлбарлагчаар явав. Алив бүхнийг тайлбарлахдаа түүнээс үүдсэн элбэг сайхан домог хууч ярьж, шашин номын жаяг ёсыг тайлбарлан ярих нь тун амттай. Ю.Батсайхан хэмээх энэ эр Хамарын хийдийн мужаан бөгөөд Шамбалын орны цэцэрлэгч аж. Тэрбээр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын уугуул агаад Хамарын хийдэд ирж Шамбалын орны цэцэрлэгч болсныгоо хутагтын шид хүч хэмээн тун бишрэлтэй өгүүлнэ.
-Шамбалын оронд ирсэн хүн ямар ямар зан үйл үйлдэх ёстой бол оо?
-Өмнө зүгээс гороогоор явж ирээд Хилэнцийг арилгах алтан хаалгаар орох ёстой. Ингээд дотогшоо орж бие, хэл, сэтгэлийн хирийг угааж байна гэж сүсэглэн санаад үйлдсэн муу үйл бүхнээ цаасан дээр бичиж Бирдийн ходоод хэмээх зүүн хойт зүг хандсан агуйд хийн шатаадаг юм. Дараа нь Шамбалын орныг төлөөлөх суварга бүрт мөргөсөөр Шамбалын овоонд хүрч хадаг талбин сэржим өргөж өөрийн мэдэх маань мэгзэм бүхнээ уншина. Овоон дээр очоод Ноён хутагтын зохиосон “Үлэмжийн чанар” дууг дуулдаг ёстой. Шамбалын орны хаалгаар орсон цагаас гарах хүртлээ өөрийгөө Шамбалын оронд байна хэмээн туйлын сүсэгтэй байх учиртай. Тэгээд энэ орны хаа нэгтээгээс жижиг цагаан чулуу авч цагийн хүрдний сууринаа талбиж эртнээс талбисан Шамбалын ерөөлд даган баясч өөрийн зүгээс ерөөл тавиад Буян заяа оршоож амгаланг урих хаалгаар гарна.
-Шамбалын орныг хүрээлсэн 125 суварга ямар утга учиртай вэ?
-Энэ бол шарын шашныхаас арай өөр утгатай. Суварга бүрийн хийц, бэлгэдэл нь ч өөр. Шамбалын орныг тойроод 114 суварга, Шамбал тийш ирэх зам дагуу хөтөлгөө 10 суварга, Хүслийн уул буюу Ханбаянзүрх уулнаа босгосон нэг суварга гээд нийт 125 суварга байгаа. Суваргануудыг 2004 оноос хойш босгосон. Дандаа сүсэгтэн олон, шавь нарын хүчээр бүтээсэн. Холливудын од Стивен Сигаль хүртэл суварга бүтээхэд хөрөнгө мөнгө хандивлаж байсан юм шүү.
-Ноён хутагтын Шамбалын орныг Хойд Шамбал гэдгийн учир юу вэ?
-Урд Шамбал нь өмнө зүгийн орноо бий.
-Кайлаас ууланд уу?
-Тийм.
-Ноён хутагтын бясалгал үйлддэг асан агуй Шамбалын оронтой ямар нэгэн холбоотой юу?
-Ноён хутагт тэр агуйд бясалгал хийж байхад пүрэв нь энд зоогдсон учир яг тэр газарт Шамбалын овоо босгон дээд номын орныг байгуулсан гэдэг. Тэрчлэн Өмнөговийн Дэмчигийн хийдийг байгуулахад ч гэсэн Ноён хутагтын пүрэв нь зоогдсон газрыг сонгосон гэдэг юм. Бясалгалын агуйд хутагтын 11 шавь бясалгал хийхэд найм нь гэгээрч хоосон чанарыг оносон түүхтэй. Бясалгал хийж байгаа лам нарын агуйг чулуугаар хааж ганц тагш багтах зай үлдээдэг, тэр нүхээр цав манж өгдөг байж. Тэгэхдээ өдөр бүр тагшных нь амсрыг хаданд үрж багасгадаг байсан юм гэнэ лээ. Тагш нь багассаар сүүлдээ зөвхөн ёроол нь үлддэг байсан гэдэг. Агуйн үүдэнд байгаа хүний тархи шиг хэлбэртэй улаан чулуун дээрээс пүрэв нисгэдэг байсан. 100 хоног агуйд нямба хийсэн хүн тэр пүрэвийг гар хүрэлгүйгээр нисгэх ёстой байж. Пүрэв гэдэг маань 350 грамм жинтэй эд шүү дээ. Пүрэв тавьсан хаднаас долоон метр урт цагаан эсгий дэвсэн нэг үзүүрт нь нямба хийсэн хүн суугаад бясалгалын хүчээр пүрэвийг агаарт хөөргөдөг байсан гэдэг. Энэ агуйд Ноён хутагт гэгээрлийг олсон. Уг агуй урд зүгийн Бадмасамбава агуйтай хүйн холбоотой. Энд Юлха гэж савдаг оршдог гэж үздэг. Тэр бол их догшин савдаг байсныг Ноён хутагт номхруулж, улмаар тэр савдаг хутагтад шавь орсон түүхтэй.
-Шамбалын орны цэцэрлэг хэр өтгөн болж байна вэ?
-Сүүлийн жилүүдэд жил бүр 2000 хайлаас тарьж байгаа. Нийт 8000 гаруй хайлаас тарьсан. Цаашид жил бүр дээрх тоогоор мод тарих болно. Хайлаас мод газраас усыг татахдаа маш сайн, говийн хатуу ширүүн уур амьсгалд тэсвэртэй. Дээр үед Хамарын хийдийн өмнөх хоолой арваад мод газар үргэлжилсэн хайлаасан төгөлтэй, элбэг устай олон худагтай байсан гэдэг. Ноён хутагтын бясалгалын агуйн хажууханд ч гэсэн төгөл модтой, ус урсдаг байжээ. Социализмын үед Зүүнбаянгийн Оросууд эндээс маш ихээр мод огтолж төгөлийг юу ч үгүй болгосон. Бүр агуйг нь хүртэл тонож гуулин бурхдыг нь авч явсан. Агуйд байсан Ноён хутагтын “Саран хөхөө” жүжгийн хувцас хэрэглэл хүртэл алдагдаж сүйдсэн. Хамарын хийд тал тоосго ч үгүй болтлоо сүйтгэгдсэн юм шүү дээ.
-Одоо Хамарын хийд сэргэн улам өргөжиж буй юм байна шүү дээ?
-Тийм ээ. Манай Хамарын хийдэд улааны болон шарын шашны урсгал зэрэгцэн байдгаараа онцлог. Хоёр дацангийн баруун талынхад нь Ноён хутагтын шүтээн Түмэн мэсний бурхан бий. Энэ бол улааны шашны хийд. Зүүн хийдэд нь 10 хангалын охин дүр Балданлхам буюу Амаа бурхныг тахидаг. Шарын шашны зан үйлтэй. Амаа бурхан луус унасан эм хүний дүртэй бурхан. Амаа бурхан тахидаг болохоор Хамарын хийдийнхэн эм хүнийг хажиглаж гадуурхдаггүй байсан гэдэг юм. Угаас Ноён хутагт маань эх хүнийг шүтдэг байсан. Тиймээс эхдээ зориулж Мөөмийн овоог босгосон гэдэг юм.
Шамбалын орны цэцэрлэгчтэй ийн хөөрөлдлөө. Ноён хутагтын эрдэм чадал, ид шидийн талаар говийнхон олон сайхан домог хууч өгүүлнэ. Ирэх жил Ноён хутагтынхаа мэндэлсний 205 жилийн ойг тэмдэглэнэ гээд тэд тун хөөртэй байна. “Миний суу алдар дөрвөн далайг гаталж зургаан тивд түгсэн цагт би дахин төрнө” хэмээсэн Ноён хутагтын айлдвар биелэх цаг ойрхон гэдэгт сүсэгтэн олон итгэсээр аж. Цаг хугацааг даван шавь нартайгаа уулзахын ерөөл тавьсан Ноён хутагтын Шамбалын орон эдүгээ зон олон хуран цугларах их хөлийн газар болжээ. Цогт төгс Шамбалын орны гэрэл төгс гэгээрлийн зүгт даллан дуудсаар. Их говийн элгэнд Ноён хутагтын ном бүтээлийн орон ер бусаар оршном. Өдөр бүр энэ л Шамбалын орон, Хамарын хийдийг зорин ирэх хүмүүсийн тоо хэдэн зуугаар тоологдож зарим үед бүр мянга давдаг гэнэ. Энд ирсэн хүн бүр Ноён хутагтын ерөөл тавьсан Шамбалын оронд очно. Шамбалын орны үүд хаалга хүний сэтгэлд буй хэмээн мэргэд айлдсан байдгаас үзвэл өөрийнхөө сэтгэлийн хаалгыг нээж чадвал чухамдаа “Хаалга задгай Шамбалын хаанаас нь ч орж болох” ажгуу.
Сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих